जगन्नाथ

Хоёр цуврал киноны харьцуулалт



Боржиа гэр бүл бол Европын Сэргэн Мандалтын эриний гоц төлөөлөгчид. Тэдний тухай олон кино хийгдсэн, заримд нь маш олон дэмийрэл бөөгнөрч, заримд нь бага зэрэг л дэмийрсэн байдаг. Гэвч кино гээч зүйлд, тэр тусмаа түүхэн кинонд дэмийрэл бол бага их хэмжээгээр заавал байх болно. Түүхэн кинонд яг түүхэнд үнэнд ойрхон хийх маш хэцүү. Яагаад тэр бэ?

Сэргэн Мандалтын эриний хоёр залуу ноёдыг төсөөлье л. Залуу хоёр ноён Францын Болонь нутгийн зоогийн газар янхантай тэврэлдэн сууж байна гэж. Энэхүү киноны дүрсийг харахаар, хэтэрхий олон лаа ассан нь шууд нүдэнд тусна. Яагаад гэвэл, ийм хэмжээний зоогийн газар ийм их лаа авах сачий нь хүрэхгүй. Мөн, тэр хоёр залуу ноёны үлдээж буй алт нь газар эзэмшигчийн сарын орлого байх, мөн янхан нь тэр цагийн хуулиар заагдсанаар нүүр далдалсан хөх өнгийн давуу зүүгээгүй, мөн алга. Гэвч өөр хэдэн уран бүтээлч болон түүхчид энэ киноны хэсгийг үзээд, өөр өөр сонин содон зүйл нүдэнд тусна- цонхонд хөшиг байх ёсгүй, байгаа хөшиг нь франц биш фламанд хээ угалзтай, мөн лааны тавиур нь тэр цагийн технологийн төвшинд хийх боломжгүй гэх мэт. Тэр цаг үеийн тухай мэдлэг нь бүр гүн бол өөр өөр зүйл харна байх: Генуа хотын тогооч хот хоорондын дайсагналаас болж тэнд ажиллах боломжгүй, мөн амьтан өөрөөр нядалдаг, мөн дорой гарлын зоогийн газар залуу ноёд очоо ч үү.
Одооны цагаар төсөөлбөл баячууд нь өндөр зэрэглэлийн ресторанд биш, түргэн хоолны цэгт хуушуурдаж байгаатай адил. Гэвч юмыг хэт их анзаараад эхэлбэл, ямар ч түүхэн кино сайн болж чадахгүй. Яагаад?

Үзэгчид хэтэрхий харанхуй өрөөнд анхаарлаа алдаж, мөн ярзайсан сайхан цагаан шүдний оронд аймшгийн том хар нүхтэй шар шүд харж, хугархай далавчтай шувууг хүүхдүүдэд тоглоом болгож өгч байгааг харуулна. Энэ бол арай л дэндэнэ, тийм үү. Хэнд л ийм кино сонин байв гэж.

Жишээлбэл өнөөх л Мари-Антуанэтт гүнж л гэхэд, орчин цагийн хүнд өөрөөр нэг тусна. Цагтаа Мари-Антуанэтт нь Вэрсай шилтгээнийхээ шалан дээр бааж байгааг нь харах хүн сонирхолтой хүн тун ховор. Бодоод үзэхээр эгдүүтэй л дээ. Вэрсай шилтгээнд нь олон зуун жорлон байдаг байсан боловч, хүний ялгадас хураах үүрэгтэй хоёр-гурван (магадгүй түүнээс ч их) зарцтай байсан. Үүгээр эрх ямбаа, баян чинээлгээ гүнж нар харуулдаг байсан юм. Тэрхүү гүнж нарын овоолон орхисон ялгадсыг заримдаа өдөрт хоёр удаа, харин багаар долоо хоногт нэгээс доошгүй удаатай цэвэрлэдэг байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, яг түүхэн кино бол хэнд ч таалагдахгүй.

Энэ нь мөн өмсгөл, хувцаст хамаатай. Жишээлбэл миний дуртай викингүүд байна. Викингүүдийн нэг онц шинж тэмдэг бол, тэдний улбар шар судалтай цагаан өмд юм. Ийм өмдөөрөө викингүүд өөрсдийн баян чинээлгээ харуулдаг байсан юм- одооныхоор айфон шиг л зүйл юм. Гэвч энэ түүхэн деталиас татгалзах нь зүйтэй, учир нь үзэгч яагаад алиалагчийн өмд өмссөн сүх барьсан салбадайг кино дэлгэцнээ харуулаад байгааг ойлгохгүй. Мөн олон зүйл бий- Холливүүдийн харуулж буй гүнж нар л гэхэд, тод биш ягаан хөх өнгийн даашинзаар гоёдог. Гэвч тухайн цагт тод биш өнгөтэй хувцас өмссөн хүмүүс ядууд тооцогддог байсан гэж бодвол, тоть шиг гангарсан гүнжийг хараад үзэгч бас л нэг л биш болоод ирнэ. 

Гэвч детальдаа гол учир нь байгаа юм биш шүү. Үйл явдалдаа хамаг учир нь байдаг. Хоёр цуврал киног хооронд нь харьцуулж байсан- үүнд гол харьцуулалт нь баатруудын цаг үеийн нөхцөл байдалдаа зөв хандаж байх юм. Франц-германы үйлдвэрлэсэн ба америкийн цувралууд нь яг нэг жил авагдсан бөгөөд, миний бие зөвхөн нэг нэг ангиудтай нь танилцсан.

Европ цувралд нь Орсиньи гэр бүлийн нэгэн эхнэрээ Жованни Боржиатай нөхцөж байгааг харна. Жованни цонхоор үсэрч зугтана. Үзэгч энэ үед магадгүй нөхрийнх нь жинхэнэ төрхийг харж, магадгүй зохиолын муу дүртэй танилцуулан харуулах гэж байна гэж ойлгоно. Мөн цуврал дуусан дуустал эхнэр нь хөх няц болсон нүүр амтай явна байх гэж бодно байх. За үгүй юмаа гэхэд, бүр муу дүр бол санаандгүйгээр эхнэрийнхээ хүзүүг хуга мушигаж, цогцсыг нь харамссан байдалтай харна байх.
Аз болж, ер тийм биш. Орсиньи төмөр таягаар эхнэрийнхээ тархийг хага цөмлөж, зарц нартаа цогцсыг зайлуулах тушаал өгч, бусадтайгаа Орсиньи ба Боржиа хоёрын дайсагналын төлөвлөгөөгөө босгоод эхэлнэ. Нэг гоё юм нь, бусад нь ямар нэгэн болсон шинжгүй сууж байгаа нь сайн. Энэ бол түүхэн үнэнд маш ойрхон юм- цаана чинь Сэргэн Мандалт өрнөж байна, тэр цагийн хүмүүс ингэж л бие авч явдаг байсан. Одооны хүнд л хачин санагдана байх.

Харин америк цувралын эхний ангид нь Ромын папын сонгууль явагдаж, нэгэн кардинал (бодвол Жулиано дэлла Роверэ) Родриго Боржиатай тааралдаж, Родригог хээл хахууль авдгийг мэдсэнээ мэдэгдэнэ. Үзэгч энэ мөчид алмайрах ёстой юм уу? Бүү мэд. Дэлла Роверэ ч бас алмайрсан юм уу, бүү мэд. Ямар ч байсан хахуульчид папын ширээнд залрах ёсгүй, мөн ирээдүйн пап лам хүүхэдтэй байсанд улам бүр алмайрна. Мөн сонгууль явагдаж дууссаны дараа кардинал нь бас нууц амрагтай байсныг мэдэж улам бүр алмайрна.

Энэхүү үйл явдал нь одооны 21-р зууны үзэгчийг л алмайруулна байх, гэвч 15-р зууны хүнд бол ер сонин биш байх болно. Яагаад гэвэл, хэдэн зуун жилийн турш Ромын пап лам нар олон арван хүүхэдтэйгээ, нууц амрагуудтайгаа хэнээс ч нуулгүй амьдардаг байсан. Дээрээс нь хамгийн эмзэг талын ягаан, шударга ёсны төлөөх тэмцэгч нь дэлла Ровэрэ байсан нь бүр инээд хүргэмээр ч юм шиг.  Мань эр сүүлдээ 2-р Юлиус Ромын пап болсон бөгөөд, цаашдаа Дайчин Пап гэж нэрээр алдаршсан. Мань эр өөрөө олон арван хүүхэдтэй, бас гадаад орны хаад вангуудаас олон зуун мянган алтан зоос зээлэн тэр мөнгөөрөө хахууль өгдөг байсан нэгэн юм. Энэ бол арай л дэндэнэ.
Энэ бол түүхэн кино биш, харин зохиомол дүрүүдэд түүхэн нэрээр тамгалан, зохиомол үйл явдал ба зохиомол харилцан үйлдэл нааж байгаа юм.

Үзэгч жинхэнэ Сэргэн Мандалт ямар байсныг итгэхгүй гэж зохиогчид бодсон юм уу, хаашаа юм. Бүх кардиналууд хээл хахууль авдаг гэсэн чинь юу гэсэн үг бэ? Бас лам хуврагууд нууц амрагуудтайгаа ил амьдардаг байсан гэнэ үү? Эсвэл том хэргэмтэй хүн бүр ядаж л нэг хүн алж байсан, эсвэл өөрийн алуурчдаараа хүн алуулдаг байсныг итгэхгүй гэж бодоод байгаа юм уу? Ер нь цаг үеийн онцлогийг хэтэрхий зөөллөх гэж үзсэн нь америк цувралын хувьд маш муугаар туссан байна.

Харин европчуудын хувьд ер нь тун давгүй санагдсан, юмыг хэт зөөллөөгүй нь. Тэр нь сайн хэрэг. Зоогийн газарт болсон зодоон нь эхэлж орилолдож, нэг нэгнээ доромжилж, дараа нь ширээ сандал шидэлцэж, дараа нь зэвсэгт тэмцэл болдоггүй. Үүний оронд баатрууд нэг нэгнээ доромжлон үг хаялцсаны дараа шууд хутга мэс барилцан алалцаж эхэлдэг. Зүйтэй. Энэ чинь л жинхэнэ Сэргэн Мандалт байхгүй юу!

Америк цувралд 14 настай Лукрециа Боржиа эцэг нь хуримыг нь зохион байгуулж байгаад дургүйцдэг- орчин үеийн бүсгүй шиг л тэгж уурлах байсан байх. Харин европ цувралд үргэлж хуримыг нь хурдан зохион байгуулахыг эцгээсээ шаардана, үгүй бол зандангаараа хөгширнө гэж уурладаг. Гэх мэт олон сайшаамаар бас муулмаар деталь байдаг.
Дүгнэлтэд нь, энэ хоёр цуврал бол цаг нөгцөөх давгүй цуврал. Гэвч европ цуврал нь арай л үег, түүхэндээ ойрхон, бас дүрүүдийнх нь сэтгэл зүйн дүр зураг америкийнхаас хамаагүй гүн санагдсан.

16:49 - 2013-08-01 - Сэтгэгдэл бичих

@Зочин:

эрх мэдэл их байх тусам хүнийг их ялзруулдаг. ухамсар нь бэлэн биш, мөн тэр цагийн төр шашин хоёр тусгаарлаагүй байсан нөхцөлд бол бүр их- үл үзэгдэгч нэгэн биет тэр эрх мэдлийг өгсөн, юу ч хийсэн зөв гэж үздэг, тэр маанагдуу ертөнцийг үзэх үзлээс хамаардаг байсан. Ер нь шашны лидерүүд ялзарч, орчин тойрныхоо дайсан болдог нь одоо цагт хүртэл маш тархмал үзэгдэл.

@Зурай:

угаасаа кино түүхэн бодит байдлыг харуулж чадахгүй- хэдхэн хүн л үздэг юм болж хувирна. Энгийн үзэгчид бол тэр болгон сонирхоод, үзээд байхгүй. Кино бол үзэгчээ олох хэрэгтэй. Бас үзэгч тэр болгон түүхэн үнэнийг ойлгохгүй. түүхэн үйл явдал, зохиол хоёрын хооронд шпагат сууж байж л нэг юм болно. Ер нь сайн түүхэн кино ховор шүү.

AmonRa - 16:19 - 2013-09-12

Мэдээж ингэж харьцуулан бичсэн байдал. Тухайн цаг үеийн байдал. Бас түүхэн сэдэв гээл. Харин киноны хувьд үзэе ч гэж бодохгүй байна л.

Zurai - 15:13 - 2013-09-11

Nuguu 'We see what we like gedeg sanaand orchloo.Jeremy Irons-g ulam shutsen, anh uzeed nuguu gegeen lam ni jinken eemr nuhuriig medeed baahan shokond orov. Europe huvilbariig ni uzvel balrah yum baina l da.

Зочин - 22:41 - 2013-09-10

яг юу нь сонирхолтой байна? кино нь уу, Сэргэн Мандалтын эрин үү?

AmonRa - 06:30 - 2013-08-30

сонирхолтой байна шүү

Zurai - 10:45 - 2013-08-02

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax