जगन्नाथ

"Apokalypse Now! Redux" уск

Хүн бол муу ёртой араатан. Түүний муу ёртой сөнөөгч чадавхыг чиглүүлэн зохион байгуулах хэрэгтэй.
Жозеф Конрадын захианаас, 1899 он

Аль эрт дээр үеэс энэ киноны тухай бичих юмсан гэж бодож билээ. Нэрээсээ эхсүүлэн, тун амаргүй кино. Нэгт, нэр нь л гэхэд тун амаргүй. Apocalypse гэдэг үг нь ертөнцийн сөнөл, төгсгөл, бурхны шийтгэл хэмээн орчуулагддаг. Харин "Now!" гэдэг нь нэмэлт нь: Одоохон, нэн даруй, алив гэсэн утга агуулдаг. Өөрөөр хэлбэл, ертөнцийн төгсгөлийг одоохон, нэн даруй болох ёстойг зөгнөн шаардсан нэр гэж ойлгож болно. Харин монголчлохоор, "Eртөнцийн төгсгөлийг аль!" гэх юм уу? Чихэнд нэг л хүйтэн сонсогдоод, арай л биш юм.

Хоёрт, Вьетнамын дайны тухай АНУ-ын үйлдвэрлэсэн кино дундаас хамгийн сайн гэж тооцогддог. Сайн уу, муу юу- үзэгч та өөрөө шийд. Үзсэн байхад лав илүүдэхгүй. Бусад Вьетнамын дайны тухай кино болох "Салаа", "Бугын ан", "Цэвэр төмрөн бүрхүүл", "Дайны алдагдал" хэмээх кино дундаас өөрийн гэсэн өвөрмөц, тун сонин уур амьсгалтай кино юм.

Мөн уг кино нь зөвхөн Вьетнамын дайны тухай үйл явдлыг харуулахаас илүү зүйл ойлгуулсан кино мэт найруулагч ойлгуулахыг хичээдэг. 1979 онд гарсан анхны зүсэлтийг 2000 онд өргөтгөн, Redux хэлбэрээр зах зээлд шинээр гарч ирэн, Вьетнамын дайны үйл явдлыг цоо шинэ өнцгөөс харуулсан кино болно гэж суртчилж билээ. Нэг ёсны гүн ухаан маягийн кино мэт.
Тийм үү, үгүй юу гэдгийг үзэгчид хоорондоо хуваагддаг. Зарим хүүхдүүд Вьетнамын тухай кино дундаас хамгийн саак гэж үзэх нь ойлгомжтой.
Би тэр дайнд нь байгаагүй болохоор, саак болон саак бишээр нь ялгаж чадахгүй.
Бас хүүхдүүд хүн төрөлхтний тухай үнэнийг харуулсан кино гэж зүтгэдэг. Тэр үнэнийг нь би харж, дуулж байгаагүй болохоор, үнэн худлыг нь бас ялгаж чадахгүй.

Найруулагч ба зохиолч болгон өөрийн ертөнцийг л үзэх үзлээ бичнэ үү гэхээс, үнэнийг хэзээ ч тусгаж чадахгүй. Найруулагч зохиолч болгон өөрийнхөө л тархины гажигийн тухай бичнэ үү гэхээс, үнэнийг бичдэг гэвэл, түүн шиг үлгэр байхгүй.

Ямартай ч үй түмэн кино үзэгчдийн дунд шүтээн маягийн бүтээл нь үнэн. Тодорхой хэмжээний хүрээндээ- жишээлбэл дайныг хараагүй хүүхдүүдийн дунд. Бас дайнд хөөрдөг маанагдуу хүүхдүүдийн дунд. Тэр дайн гээч зүйлийг би өөрөө хоёр нүдээрээ харж байгаагүй бөгөөд, харахыг ч үнэндээ хэлэхэд хүсдэггүй. Энэ учраас хүүхдүүд илүү сайн дайны тухай мэддэг байх.

Зураг авалт асар хүнд хэцүү нөхцөлд явагдсан бөгөөд, Филиппины арлуудад өрнөсөн. Зураг авалт, зүсэлт, зургийн зохиомж гэх мэт чанарын шинжүүдийн талаар бол надад хэлэх үг байхгүй- бүгдийг мастерууд хийсэн. Тэсрэлт, буудалцаан, шалдан нүцгэн хүүхэн- хүүхдүүдийн дайны талаарх төсөөлөн мөрөөддөг бүх л зүйл бий.
Гэвч зураг авалтаас илүүтэйгээр, киноны зохиол нь илүү сонирхолтой юм. Энэ учраас кино зохиолыг нь задлан шинжилж, уншигчид даа толилуулна.
X X X

Сайн кино хийхийн тулд, ямар ямар шаардлага хангасан байх хэрэгтэй бэ гэдэг асуултыг Альфред Хитчкокт тавихад:
"Гурван шаардлага бий. Тэр нь: нэгт, сайн зохиол. Хоёрт, сайн зохиол. Гуравт, сайн зохиол" гэж хариулсан.



Уг киноны эх зохиолыг нь 1857 онд Польшийн Бердичевд төрсөн Жосеф Конрадын 1902 онд бичсэн "Түнэр харанхуйн зүрх" романыг тулгуурлан бүтээгдсэн юм.
Энэ бол тусдаа нэг бие даасан түүх бөгөөд, киноноосоо илүү сонирхолтой гэж би хувьдаа үздэг.

Зарим залуучууд донгио киноны зохиолын номыг нь уншаад, кино нь дээр гэж үздэг. Энэ бол тэнэг явдал.
Бас зарим залуучууд донгио номоор хийгдсэн кино үзээд, кино нь дээр болсон гэж үздэг. Энэ бол бас тэнэг явдал.
Кино ном хоёр өөр зүйл- уншигч уншиж буй зүйлээ толгойндоо кино болгон төсөөлөн буулгадаг бол, кино үзэгчид сонголт байдаггүй. Хоолтой зүйрлэвэл шорвогдулсан ч бай, түлж хайрсан ч бай- идээд зажлахаас өөр арга үзэгчид байдаггүй. Дүрсийг сонгох ямар ч арга байхгүй. Уншигчид бол бий.
Энэ учраас ном зохиол болон ном зохиолоор хийгдсэн кино хоёрыг хооронд нь харьцуулж болдоггүй. Номыг 1:1-ийн харьцаатай дэлгэцнээ буулгаж болдоггүй. Бас боломжгүй. Ганц хоёр зохиолын баатар дутагдсан, тэр үйл явдал хаягдсан гэж тэнэг хүүхдүүд кино найруулагч болон зохиолчдыг шүүмжилдэг. Харьцуулж болдог цорын ганц зүйл нь бол, зохиолд тусгагдсан гол санаа буюу чөмөг нь үлдсэн эсэх нь юм.

Зохиолдоо орье.
"Түнэр харанхуйн зүрх" романы зохиолч Жозеф Конрад нь Европын худалдааны флотод ажилласан бөгөөд, юм үзэж нүд тайлсан хүн юм. Энгийн цэргээс хөлөг онгоцны ахмад хүртэл зүтгэн, зүгээр л нэг далайгаар сэлгүүцээгүй юм. Африк тивээс усан онгоцоор бараа таваар Европ тив үрүү зөөдөг ажилтай байсан юм. Энэхүү Африкаар аялахдаа, харж үзсэн зүйлээ өдрийн тэмдэглэлдээ бичиж, сүүлдээ роман болгон хэвлэсэн юм.

Үүнд түүхэн тайлбар хэрэгтэй: тэр үеийн Африк  одооныхоос нээг их ялгаагүй байсан. Өөрөөр хэлбэл, мөнхийн дайн ноёрхож буй, тамын ёроол болсон тив. Харууд өөр хоорондоо үргэлж нэг нэгэндээ атаархан хядан алж, бусдынхаа бонусуудыг нь булаадаг байв. Уг бонусаа зүгээр нэг цуглуулах биш, европчуудад худалддаг байсан юм. Европчууд мангар үнэтэй шилэн шаариг, шилэн зүүлт ба галт ус авчирч, оронд нь хэнд ч хэрэггүй алт, зааны яс, зандан мод сольдог наймаатай байсан юм.

Жозэф Конрад өөрөө Бельгийн компанид ажиллаж байсан болохоор, Бельгийн компаниудын захирдаг нутгаар аялж байсан юм. Бельгийн колоничлол одооны Конго улсыг тэр чигээр нь захирч байсан бөгөөд, өөрийн колоничлох бодлогоо нуун дарагдуулахын тулд "Эрх чөлөөт Конго улсын эдийн засгийн туслалцааны нийгэмлэг" хэмээх байгууллага хариуцдаг байсан юм. 

Уг нийгэмлэгийн үйл ажиллагаа нь Бельгийн вант улсын ач тусын төлөө явагдаж байсныг хэлээд хэрэггүй байх. Конго улсын бүх газар нутаг, байгалийн баялаг болон оршин суугчид нь Бельгийн вангийн хувийн өмч байв. Энэхүү эдийн засгийн туслалцааны үйл явцад, нийгэмлэг 1500%-ийн ашиг орлого олдог байсан юм. Харин дургүйцэж газар нутгаа харамласан, аль эсвэл зааны яс болон каучук цагт нь тодорхой хэмжээгээр цагт нь хураалган өгөөгүй нутгийн иргэдийг бельгийн шударга цагдаа нар баруун гарыг нь тастан цавчиж, гэр бүлийг нь хороодог байсан гайхамшигтай европ заншил суулгаж байсан юм.

Энэхүү ажиглалтаа бичсэн Жозэф Конрад романдаа эмхтгэн хэвлэн гаргахад, дэлхийн олон нийт цочирдож байсан түүхтэй. Уг зохиол бол английн Викториа хатны эрин зууны үйлдвэржүүлэл болон техникийн хөгжлийг маш хатуу шүүмжилсэн, асар хүнд зохиол. Тэр цагийн үеийн хүмүүс техник технологийн хөгжлийн цаадахыг харалгүй, бурхан шиг тахисан ашиг орлого байсныг ч хэлэх үү. Ер нь сониуч уншигчдад зөвлөхөд, заавал унших номын нэг.

Тэгсэн хагас зууны дараахан, номоор нь кино хийгдсэн аж. Зүгээр нэг кино биш- Вьетнамын дайн буюу барууны орнуудын мөлжлөгийн идеологийн оргилыг харуулсан кино гэж дийлэнх кино шүүмжлэгчид санал нийлдэг... Киног эх зохиолтой нь харьцуулбал, анхандаа үнэхээр ч тийм юм шиг, номыг зөв тусгасан юм шиг санагдана.

1-р үзэгдэлд хөлөг онгоцны ахмад Марлоу (гол дүрийн баатар) гол үерлэхийг хүлээн, Африк тивийн зүгт аян замдаа гарахыг тэсэн ядан хүлээнэ.
2-р үзэгдэлд ахмад Марлоу хөлөг онгоцтойгоо Африк тивийн зүрх үрүү нэвтэрнэ. Энэ хугацаанд  компанийн Курц хэмээх ажилтны тухай Марлоу анх сонсоно. Тэрхүү компанийн ажилтан Курц нь ширэнгэн ойн дунд өөрийн вант улс байгуулж, нутгийн иргэдээр өөрийгөө бурхан шүтээн мэт тахиулан шүтүүлж, иргэдээ шударга захирдаг тухай сураг дуулдана.
3-р үзэгдэлд ахмад Марлоу Курцтэй нүүр тулж уулзахад, бодит Курц гээч хүн нь үнэндээ тэс өөр, хүн биш араатан байсныг нь олж харж, Марлоугийн итгэл алдардаг. Зохиолд Курц олон сарын турш өвдөж, халууран дэмийрсэн, араг яс болтлоо сульдан турсан хүний амьд сэг байдаг.

Хэт их антропологийн болон нийгэм судлалын хүрээ үрүү хазайлгүйгээр товч өгүүлбэл, Жозэф Конрадын зохиол нь соёлтой гэгддэг барууны нийгмийн сөрөг хар талыг нь харуулж байгаа юм. Энэхүү соёлжсон гэгддэг хүний сүүдрэн тал нь орчин үе хүртэл оршин тогтносон, бидний тахин шүтсэн өрсөлдөөн дээр тулгуурласан капитализм, зөвхөн өөрийн ашиг хонжоо ба мөнгө эргэлтийн хувь тооцоолохоос өөр сэтгэлгээний хүрээгүй, "Хүн хүндээ араатан байгтун!" хэмээх идеологитой хүний дүрээр оргилоо олдог зохиол юм.

Фрэнсис Форд Коппола болон Жон Миллиус нар уг зохиолыг кино дэлгэцнээ буулгахдаа, дийлэнх дүр болон зохиолын өрнөлийг авч үлдсэн. Зохиолын адил хүний сэтгэлийн харанхуй уруу урсах гол, намуун тайван боловч үхлийн аюултай ширэнгэн ой. Харин зохиолын цаг болон орчинг нь өөрчилсөн. 20-р зууны эхний Африкийн тивийг Вьетнамын дайны оргилоо олсон цагаар орлож, триллер маягийн өрнөлийг хэвэнд нь үлдээсэн байдаг.

Киноны эхний үзэгдэлд, ахмад Марлоугийн оронд цэргийн тусгай албаны ахмад Виллард (Мартин Шийн) Камбож улсын хилийн хавьд нуугдсан урвагч, магадгүй галзуурсан хурандаа Курцыг (Марлон Брандо) устгах маш нууц даалгавар авч, яаралтай хөлөг онгоцны баг бүрдүүлэн замд гарна.

2-р үзэгдэлд голын урсгалыг даган хөвж буй багийн цэргүүд ширүүсэн ялзарч, дайны тамын ёроол уруу улам ойртоно. Үүнд дайны худал хуурмаг шинж чанарыг харуулахаас илүү, цэргүүдийн галзууралд анхаарлаа найруулагч хандуулдаг.
Гол баатруудын анхны зогсоол нь хурандаа Килгорын дэргэд болдог. Хурандаа Килгор нь багийн цэргүүдийн нэгийг далайн сёрфинг хийдгийг дуулна. Чадварлаг гулгадаг сёрфингчийг харахын тулд хурандаа Килгор гоё давлагаатай голын дэргэд оршдог нэгэн нэргүй Вьетнам тосгоныг нэн даруй хүйс тэмтэрч, Лэнсийг сёрфинг хийхийг шаардана.
Цаашлах тусам үйл явдал улам ширүүсэж, тамд нэг алхмаар ойртоно. Плэйбой сэтгүүлийн нүцгэн хүүхнүүд дайны талбар дунд америк мөрөөдлөө цэргүүдийн өмнө гялалзуулан бүжиглэж, тааралдсан гэмгүй гэр бүлийг хүйс тэмтрэх мэт үзэгдлээр хуваагддаг.

3-р үзэгдэлд амьд үлдсэн цэргүүд хурандаа Курцын атавизмд автагдсан вант улсад ирнэ. Уг вант улсад Вьетнам ба Америк цэргүүд дүрэмт хувцсаа бүгд тайлан хаясан байх бөгөөд, зэрлэг овгийн хүмүүс мэт өөрийгөө будаж чимсэн байдаг. Тэд олзлогдсон хүмүүсийг тарчлаан хороохоос сийхгүй болтлоо ялзарсан байх бөгөөд, Виллардын өмнө эцсийн амьд үлдсэн цэргийн толгойг нь Курц өөрөө хаяж:
"Хэрцгийлэл. Хэрцгийллийн нүүр царайг харцгаагтун. Хэрцгийллийг найзаа болгох хэрэгтэй. Ухамсрын дарангуйлал болон хэрцгийлэл бол чиний найзууд. Үгүй бол тэд чиний дайснууд болж хувирна" гэдэг.



Хурандаа Курцын уг хэлсэн үг нь киноны үзэгчдэд хүргэж буй гол санаа нь энэ юм. Манай гаригийн хамгийн хөгжилтэй гэгддэг нийгмийн тогтолцооны цаадах бодит дүр төрхийн илэрхийлэл бол хурандаа Курц юм. Хурандаа Курцуудын үйл ажиллагааг одоо Ирак, Афганистан, Ливид болон өөр олон орнуудад болж буй үйл явдлаар харж болно.
Гэвч.

Гэвч... Марлоугийн дүр эх зохиолтойгоо ойрхон буулгасан боловч, хамаг анхаарал нь хурандаа Курцт туссан байх ёстой. Энэ учраас кино болон ном хоёр нэг нэгэндээ хамаагүй бүтээл болно. Хурандаа Курцын гаднах байдал, хэлэх үг нь худалдааны компаний агент Курцээс тэс өөр. Учир нь худалдааны агент Курц (дээр хэлсэнчлэн) халуурч дэмийрсэн, жихүүцэм хүний сэгний дүр Марлоуг ухааруулдаг. Марлоугийн өмнө нь Курцын тухай сонсож дуулсан нь цуу явган яриа бүгд худлаа болох, харин жинхэнэ бодит байдалд Курц нь аль хэдийнээ амьсгаа хураасныг ойлгодог.
Марлоу Курцын тухай өөрийн гэсэн хуурамч төсөөлөл бий болгож, түүндээ гэнэн хүүхэд мэт итгэснээ ч ойлгож ухаарлаа олдог.

Харин Фрэнсис Форд Копполагийн энэхүү бүтээлд үнэхээр гайхамшигтайгаар харуулсан зураг авалт болон санаанд тод буух гол дүрүүд бий.
Гэвч киноны эцэст арьс өнгөөр ялгаварлан хүйс тэмтрэхийг зөвтгөсөн, хөгжилгүй орнуудын сул дорой, мэдлэг дутууг нь далимдуулан дээрэмдэж тонохыг зөвтгөсөн Курцын дүрийг кино дэлгэцнээ буулгахдаа галзуурлыг нь хэт хялбаршуулж, хэлсэн үгийг нь мушгиж, киноны эцэст муувтар триллер төдий кино болж хувирдаг нь харамсалтай.
Эцэстээ амьд үлдсэн хоёр баатрын хэн нь ч хариуцлага үүрдэггүй, хэн хэн нь хохирогч мэт харуулж буй байдал нь номтойгоо эрс зөрдөг.
Ер нь кинонд ч, зохиолд ч тэр- сул тал олон бий. Гэвч үүнээс болж кино аль эсвэл зохиол нь муу гэсэн үг биш. Аль аль нь онц сайн, сонирхолтой кино болно. Заавал үзээрэй.

18:57 - 2013-01-22 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax