जगन्नाथ

Кино, алмаз, колтан

Саяхан, буюу 7 хоногийн өмнө ДиКаприо жүжигчний тоглосон Цуст Алмаз нэртэй кино үзлээ. Хөөрхөн, марзан кино юм. Нэг хар нөхөр газар ухаад, улаан өнгийн алмаз эрдэнэ олдог тухай. Алмазаа нуугаад, ДиКаприотой хамт баахан дэмий тэнэдэг тухай. Үүгээр түүх нь бараг яригдаад дууссан гэж хэлж болно.

Баатруудын яриа, мөн төгсгөл давгүй- байлдаад л, гүйгээд л... Ер нь Африкийн иргэний дайны аймшгийг бага зэрэг харуулахыг хичээсэн бололтой- гэвч миний бодлоор, найруулагч Цвик дахин нэг ширхэг том тэнэг кино гурилдуулжээ. Сэдэв нь тасархай- биелэлт нь шал гомо. Сүүлчийн Самурай кино жишээ нь. Оддыг уриад хэрэггүй байсан юм- үүгээр түүх нь давсгүй юм шиг болсон. Бас эмэгтэй дүрийн бөөн нялуун яриа. Маш том алдаа.

Гэтэл бодит байдал арай л өөр. Леннигийн тоглодог бельгийн хөлсний цэрэг арай л үнэмшилгүй, "бусад бүгд баас- би ганцаараа энхийн цагаан тагтаа хэвээр үлдлээ!" гэж баатраа таниулах арга мөн үнэмшилгүй санагдлаа.

Мөн зөвхөн алмаз эрдэний наймаагаар сэдвээ хязгаарласан нь харамсалтай. Уул нь саак түүх болох байсан юм. Африкийн жинхэнэ дайныг харуулж болмоор.

Жишээ нь 50 жилийн өмнө буюу 1960 оны 7 сарын адаг өдөр нэг дор Африк тивийн 4 ширхэг улс "чөлөөлөгдсөн" юм. Мадагаскар, Мали, Сомали ба Конго улс бий болж. Гоё бантан болсон л доо- бөөнөөр нь чөлөөлж, колонийн удирдлага бөөнөөрөө эрх мэдлээ хурааж, нутгийнхаа зүг сажилжээ. Гэвч мэдээж хэрэг бизнесийнхээ сонирхлоо орхиогүй.

Бизнесийн эрх ашгийг өөр аргаар хамгаалж болдог болохоор тэр: зарим африк орнууд байгалийн баялаг муутай, зарим нь маш баян. Ядуу нь харьцангуй азтай: сонирхлын төвд ороогүй. Харин баялагтай улсууд хамгийн их хохирол амссан юм. Ашиггүй баяны үлгэр шиг.

Конго бол манай гаригийн хамгийн баян улсуудын нэг- гэвч хүн ам нь ядуурлын жагсаалтын бараг хамгийн дор хэсэгт ордог. Конгод бүр хараал байдаг гэнэ лээ: Алтанд амьдраасай чи! гэж. Бүгд алтанд нь шаваад, алалцаад эхэлдэг болохоор тэр.

Гар утас гэгч юм аваад үзье л дээ. Яагаад гар утас бэ? Жишээ нь бид бүгд гар утас хэрэглэдэг. Зарим нь бүр 2-3 ширхэгтэй гадуур давхидаг. Жилд дэлхийд хагас тэрбүм ширхэг гар утас зарагддаг. Утас бүрд колумбо-танталит ашиглагддаг. Уг нийлбэрийг нь колтаны  хүдрээс олборлодог- харин Конго улсад колтаны хүдрийн Дэлхийн 80% нөөц нь байдаг. Үүнээс гадна Дэлхийн хэмжээний 1/3 алмазын нөөц, уран 1/4, мөн томоохон хэмжээний газрын тос, зэс, алт, мөнгөний  нөөцтэй. Бодоход, сайхан амьдармаар- Дэлхийн хамгийн баян орнуудын нэг- хамгийн багаар бодвол Саудын Арабын гарууд шиг танхай машин унаж гангармаар. 

Гэвч America Mineral Fields Inc., бас Nokia, Siemens, мөн Cobatt (АНУ), H.C. Starck (ХБНГУ), Ningxia (БНХАУ) гэх мэтийн олон том компаниуд бий.

50 жилийн турш Конгод дайн намжихгүй хэвээр. Энэхүү дайныг Конго улсын иргэний дайн ч гэдэг, заримдаа Хоёрдугаар Африкийн дайн, мөн Дэлхийн Колтаны дайн ч гэж нэрлэдэг. Эхэндээ гарууд алмазын төлөө зодолддог байсан. 90-ээд онд гар утас өргөн хэрэглээнд орсноор, колтан мөн моодонд оров. Сүүлийн арван жилийн дотор 6-10 сая хүн колтаны төлөө чадарсан гэж сураг дуулддаг- үүнийг шалгах бэрх. Хэнд ч итгэх юм бүү мэд.

Ихэвчлэн Өмнөд Киву хэсэгт төлөврөсөн колтаны олборлох уурхайг хянахын тулд бөөн том дайн явагддаг- аль аль талын тэмцэгч тал тэмцлээ "гэгээн" дайн гэж нэрлэдэг. Тэр хавиас хөлтэй нь гүйж, хөлгүй нь мөлхөж зугтдаг- ганц ганцаараа биш. Үй олноороо.

Конго улс олон хүн амьтны сонирхлын хүрээнд багтдаг- колтаны төлөө үндсэрхэг түтси ба хуту овгууд (франц-америкийн сонирхлын хүрээг төлөөлж), шашны нийгэмлэгүүд, гадаад орны төлөөлөх хүчин, ойр хавийн Руанда, Бурунди, Уганда мэргэжлийн арми, Анголын зэвсэгт хүчин, орос ба украйн нисгэгчид, хятад мэргэжилтнүүд, бельги ба франц фирмүүдийн хувийн хамгаалалт гэх мэт. Бүгд нэг дор. Нэг том замбраагүй шамбааралдсан гурил.

Колтаны уурхай мөн үндэсний хоёр том дархан цаазат газруудад газруудад төлөвөрсөн учраас, өлсгөлөнд нэрвэгдсэн армиуд хамаг ан амьтан мөн дэлхийд ховордсон заан, горилл сармагчин, анаашийг идээд дуусгажээ. Одоо тэр дархан цаазат газар нь сарны гадарга шиг цөл болж хувирсан.

Үүгээр дуусалгүй, колтаны уурхайгаас гадна, олон тооны цацраг идэвхт ураны уурхай байдаг. Олборлолт нь энгийн төмпөн хүрз хоёроор явагддаг. Үр дүнд нь шинээр төрсөн хүүхдүүдийн тэн хагас нь амьгүй төрдөг. Уурхайчид ураныг халаасандаа авж явдаг болохоор тэр. Арга ч үгүй- цацраг идэвхийн тухай уурхайчдад, энгийн ажилчдад хэлж өгөх хүн байхгүй. Хэлж өгсөн ч ойлгохгүй. Мөн өөр арга байхгүй.

Бас дэлхийн хамгийн баян орны нэг гамшиг бол өлсгөлөн. Армиудад, мөн зэвсэглэсэн бүлгүүдэд эрчүүдийн 70% оролцож, бусад нь өдрийн 1-2 долларын цалинтайгаар колтан олборлодог. Колтаныг уурхайчин өөрийн ухсан нүхэндээ олборлодог. Мөн тэндээ унтдаг. Газар тариалан, мал аж ахуй байхгүй- маргааш нөгөөдөр нь нэг арми юм уу бүлэг ирээд, бүгдийг нь хоосолдог- ямар ч нэмэр болохгүй. Эмэгтэйчүүд нь хүүхдүүдээ тэжээхийн тулд бага зэрэг тарьдаг боловч, байнга нуугдах хэрэгтэй болдог. Учир нь эмэгтэйг хүчиндсэн цэрэг суманд оногддоггүй гэсэн дам яриа тархсан учраас.

Одоо Өмнөд Кивуд өдөрт 1500 орчим хүн амь үрэгддэг. 33 ширхэг зэвсэглэсэн бүлэг арми нэг нэгэнтэйгээ тулалддаг бөгөөд, хөх малгайтангууд хүртэл ирсэн даруй колтанаас урсан орж ирэх орлогийн төлөө өөр хоорондоо тэмцэж эхэлдэг сураг мөн бий. Колтан хүн бүрд хэрэгтэй учраас, олох орлого нь алмаз, алт, мөнгө, уранаас хамаагүй илүү... Ойр хавийн бөө домч нар колтаныг хараагдсан чулуу гэж үздэг- мөн энэ чулуу Конгод дуусаагүй цагт Конгод энх тайван ирэхгүй гэж үздэг.

1960 онд Конго улсаас Бельгийн колонийн захиргаа явсан боловч L’Union Miniere гэгч компани үлдсэн. Алмаз эрдэнийг олборлох тал дээр ихээхэн анхаарч байсан. Патрис Лумумба уурхайг үндэсний эзэмшилд оруулахыг тулд дорвитой алхам хийсэн боловч, тэр нь хүн бүрд таалагдаагүй. Лумумба энэ учраас удаан амьдраагүй. Түүний оронд эрх мэдлийн сэнтийд Мобуту заларчээ. Мань эр цэргийн парад харж сууж, өмнөд хавиар юу болж байгааг нээг их анхаардаггүй байжээ. Түүний захирах хугацаанд Конго улс дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд орж, Мобуту дэлхийн хамгийн баян хүмүүсийн 10 тоонд оржээ. Тэр хугацаанд хувийн хамгаалалтын байгууллагууд өөр фирмийн хамгаалалтын алба ба босгогчид, хажуу хавийн орны уурхайг хүчээр эзэмших оролдогтой идэвхтэй тэмцдэг байв. "Энгийн"
дайн.

Гэвч дөнгөж колтаны хэрэгцээ гарсан даруй Мобутуг дээрээс нь буулган татаж, "энгийн" дайн нь хүн ард ба хөрш, оролцогчид нэг нэгэнтэйгээ тулалддаг хэрцгий аллага болж хувирчээ.

Колтаны төлөөх тэмцэлд, НҮБ-ийн аюулгүй байдлын хорооны мэдээлэлж байгаагаар оролцогчдын тоонд Бельги, Нидерланд, Их Британи, ОХУ, БНХАУ, АНУ, Канад ба Франц улсууд ордог. Африкийн бусад орнуудыг эс тооцвол. 10 жилийн турш НҮБ зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг уриалдаг боловч, жингийн цуваа явсаар. Колтан ба зэвсгийн наймаа өөр хоорондоо нягт холбоотой- жишээ нь хөрш Руанда улсын ерөнхийлөгч анхандаа франц компаниудын талд, дараа нь америкийн Cobatt компанийн эрх ашгийг хамгаалдаг болсон. Мань эрийн хэлснээр: "Уг дайн өөр өөрийгөө санхүүжүүлдэг" гэж...

Уурхайг эзлэхэд шаардлагатай зэвсэг, байлдааны техникийг өмнө нь гаргаж амжсан колтанаар худалдан авдаг. Шинэ зэвсгээр уурхайг эзлээд, чадлынхаа хэрээр колтан гаргаж авна. Уг колтанаар дахин зэвсгээр солино. Конго ба Руанда улс дайнд өдөрт 1 сая доллар зарцуулдаг. Энэ их мөнгө заримдаа Дэлхийн Валютын Сангаас зээлээр олгогддог. 2000 оны эхэнд гэхэд, дайтах орнуудын эдийн засгийн 6%-ийн өсөлтийг харж олж, шинэ зээл олгожээ. Гэвч дайнд хүн ам маш хурдтайгаар буурдаг жамтай- улмаар армиудад өсвөр настан хүүхдүүдээс өөр тулалдах хүн үлдсэнгүй.

Мэргэжлийн арми ба хөлсний цэрэг, компаниудын хувийн армиудаас гадна "Конгогийн ардчилсан хөдөлгөн" оролцдог. Саяхан Гома хотын ойролцоох хэдэн уурхайг эзлээд, 150 тонн колтан олборлохдоо хотын хүн амыг устгасан.

Зэргэлдээх Уганда улсаас ирсэн, католик шашинтан африкчуудыг устгаснаар алдаршсан "Бурхны Эсэргүйцлийн Арми" мөн өөрийн сонирхлын төлөө дайтдаг. Үүнээс гадна 1987 онд Жосеф Конигийн үүсгэсэн "Бурхны Арми" байлдаанд мөн идэвхтэй оролцдог.
Бурхны Арми нь Төв Африкаар хүүхэд хулгайлдгаар маш их алдартай- учир нь "хүүхдүүд гэм зэмгүй бөгөөд, диваажингийн оронд орно" гэж үздэг идеологи мөрддөг. Хүүхдүүдийг бууны мах болгон ашиглаж, эсвэл хүүхдүүд цаазлах ёслол гүйцэтгэдэг. "Бурхны дайсны" тасдаж цавчсан биений хэсгүүдийг Библи номын хуудсанд ороож, Уганда ба Конго улсуудын хот тосгоны гудамжаар тарааж хаядаг. Энэ бүгдийг ариун явдлын нэрний өмнөөс хийдэг.

Мөн дайнд Нкундагийн хөлсний цэргүүд оролцдог- Нкунда бол христийн "7-р өдрийн гэрч"-ийн хөдөлгөөний пастор. Уг сүм нь America Mineral Fields Inc. хувь нийлүүлэгчийн хянах пакет нь Клинтон хос эзэмшдэг. Нкунда өөрийн 20 мянган бишрэгчдийн армийн тусламжтайгаар Анголын (хятадын сонирхол төлөөлөгч) ба Конго улсын зэвсэгт хүчнийг шахаж, Колтаны уурхайг БНХАУ-тай ажилуулах 9 тэрбүмийн гэрээ хэлэлцээрийг таслахыг шаарджээ.

Конгод мөн Жан-Пьер Бембa гэж хүн бий. Нутгийн олигарх, францийн хөлсний цэргээс бүрдүүлсэн армийн эзэмшигч. Конгогийн хэсгийг өөртөө авч, Христийн төлөөлөгч гэж өөрийгөө нэрлэжээ. Энэ нутагт олборлосон колтан Intel процессорын үйлдвэрлэлд явдаг.

Худалдааны систем нь бас их ээдрээтэй- конгогийн уурхайчид өөрийн олборлосон колтаныг жижиг гарын наймаачдад зардаг. Тэд хөлсний орос ба украйны нисдэг онгоцонд хүдрээ ачиж, Руанда мэтийн ойр зэргэлдээ орнуудад нийлүүлдэг. Цааш нь хувийн эзэмшлийн компаниудаар (ихэвчлэн Руанда эсвэл Угандагийн ерөнхийлэгчдийн төрөл садны эзэмшлийн компаниудаар) Европын зүг дамжуулан нисгэдэг.  Европт Бельгийн фирмүүд голчилдог. Колтаны ачаа Остэндын нисэх буудалд дамжуулганд буулгаж, буцахдаа ачаагаа зүүн Европын ба Оросын зэвсгээр дүүргэж буцдаг. Колтан нь ямар нэгэн өөр орны дансанд  бүртгэгдсэн онгоцоор дамжуулан үйлдвэрүүддээ очдог.

Тийм үйлдвэр бага байдаг. Конго дахь дайны гол спонсорууд: Cobatt (АНУ), H.C. Starck (ХБНГУ), Ningxia (БHХАУ) ба Казахстаны Усть-Каменогорскын цэвэршүүлэх үйлдвэр. Сүүлийн үйлдвэрийг казахстаны төрөөр дамжуулан, швейцарын иргэн Крис Хубер бүрэн хяндаг. Мөн энэ казахстан ба швейцарын сувгаар орос нисгэгчид Африкт томилогддог. Орос нисгэгчид колтаны дайны оролцогч тал бүрд зэвсэг нийлүүлдэг- энгийн нэг бизнес.

Хэсэг хугацаанд Өмнөд Африкийн «Де Бирс» компанийг алмаз эрдэний наймааг ил тод болгож, барааны үүсэл гарлыг тодорхойлдог энгийн тогтолцоонд багтааж байж.
Гэвч энэ нь зөвхөн албан ёсны худалдаа- хар захын наймаа цаанаа мэдээж хэрэг шал өөр. НҮБ колтаны эргэлтийг хянах шаардлага тавьж байсан боловч, энэ тал дээр ямар ч арга хэмжээ авагдаагүй. Учир нь колтаны дайнд бүх том улс гүрнүүд оролцож байгаа. Орлого татгалзахад маш их болохоор тэр.

Африкчууд колтанаар баян нутгаа тамын үүд гэж нэрлэдэг. Арга үгүй байх. Энэ байдлаар явбал, цаашид тэр нутагт байлдах хүн үлдэхгүй- Бельгийн хүний эрхийн байгууллага зүүн Европоор хувийн хамгаалалтын компаниуд Африкт цэрэг ихээхэн хэмжээгээр татдаг болсон гэж анхааруулж байсан. Зүгээр нэг газар биш- Конгод. Энэ бол Nothing personal- Just business.


16:32 - 2010-08-06 - Сэтгэгдэл бичих

di kapriogiin mundag duruudiin neg gesen yum haanaas ch bilee unshij bsan. nadaa bol departed chadval namaig barildaa erntriin hajuud sain bish zugeer l neg shiruun gariin dur shig sanadsan gehdee medeej titanik gesen romantik kinogoor anh olond tanigdsan hunii huvid ers uur dur l dee.

yag kinonii huvid chinii uzsen untsuguur har bsangui bas aimr ih yum shineer medej avlaa tnx naizaa ;)

dao - 20:51 - 2010-08-07

яаж ойлгохыг хэлээд өгөх үү?

AmonRa - 01:25 - 2010-08-07

Kino

Цуст алмаз киног арай л худлаа ойлгосон бололтой.

Зочин - 21:48 - 2010-08-06

:(

Бас бэлэнчлэх сэтгэлгээ байна. Африкчуудын нэг том гамшиг.

AmonRa - 18:54 - 2010-08-06

Ухаангүй удирдагчтай гүрэнд нүүрэлдэх жам ёсны гамшиг. Удахгүү бидэнд бас нүүрлэх гүүг хэлж мэдэхгүү :(

Хүслийнжигүүр - 17:30 - 2010-08-06

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax